/ / ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 16 ХУВИАР БУУРЛАА

ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 16 ХУВИАР БУУРЛАА

    Тус Цагдаагийн газрын судалгааны багаас 2017 онд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэрэгт хийсэн судалгаа, дүн шинжилгээний дагуу түүний шалтгаан нөхцөлийг арилгах дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2018 оны эхний 3 сарын байдлаар 16 хувиар буурлаа.

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр”-ийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/99 дугаар захирамжаар байгуулсан.

    Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Хөршийн холбоо”, “Стандарт” арга хэмжээг хэрэгжүүлж, төвлөрсөн худалдааны 4 захын захирлуудтай “Итгэлцлийн гэрээ” байгуулав.
Мөн “Хулгайлах гэмт хэргийг бууруулах арга зам ...” нээлттэй хэлэлцүүлэг, “Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье” өдөрлөгийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.

    Өлгий сумын төвийг эргүүлийн 5 чиглэлд хувиарлан хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллаж, хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 6 төрлийн 885 санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, давхардсан тоогоор 323 аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газрын харуул хамгаалалтыг шалгаж, цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн шаардлагын дагуу 25 аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн стандарт шаардлага хангасан хяналтын камер суурилуулж, цахим орчинд 17 удаа, хэвлэл мэдээллийг хэрэгслээр 13 удаа сэрэмжлүүлэг, санамж, зөвлөмж нийтлэн сурталчлав.

   Мөн Цагдаагийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/08 дугаар тушаалаар алба хаагчдад аймгийн төвийн нийт байгууллага, аж ахуйн нэгжийг хариуцуулсан бөгөөд нийт 23 аж ахуйн нэгж, байгууллагын 447 ажилтан, алба хаагчдад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, яриа, сургалт сурталчилгаа зохион байгуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна